Улаанбаатар хотын засаг захиргааны зохион байгуулалтыг шинэчлэн, хотын дөрвөн район байгуулсантай холбогдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар зарлигаар Улаанбаатар хотын районуудад прокурорын байгууллагыг байгуулсны дотор тус прокурорын газрыг Найрамдлын районы прокурорын газар нэртэйгээр байгуулжээ.
Найрамдлын районы прокурорын газар нь районы прокурор, тусгай хяналтын туслах прокурор, шүүхийн хяналтын туслах прокурор, нарийн бичгийн дарга гэсэн 4 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.
Улаанбаатар хотын прокурорын тушаалаар тус районы прокурорын газарт 1974 оноос эхлэн нэг мөрдөн байцаагч ажиллаж эхэлсэн бөгөөд 1977 оноос районы прокурорын газарт ерөнхий хяналтын туслах прокурорын орон тоог шинээр нэмэгдүүлсэн байна.
Монгол Улсын Их Хурлын 1993 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар Баянзүрх дүүргийн прокурорын газрыг байгуулж, ахлах прокурор 1, хяналтын прокурор 9, нарийн бичгийн дарга, нярав 1, үйлчлэгч 1, жолооч 1, нийт 10 прокурор, үйлчилгээний болон туслах ажилтан 3 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байв.
Улсын ерөнхий прокурорын 2014 оны А/09, А/13 дугаартай тушаалуудаар аймаг, нийслэл, дүүргийн прокурорын газруудын бүтэц, орон тоо, ажлын чиглэлийг шинэчлэн баталж, хуучнаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн прокурорын газруудыг нэгтгэн Дүүргийн нэгдүгээр прокурорын газар болгон зохион байгуулж, нийт 137 орон тоо баталсан байна. Тухайн үед дүүргийн прокурор 1, орлогч прокурор 2, Тамгын хэлтсийн дарга 1, Мэдээлэл, дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт хариуцсан хэлтсийн дарга 1, хяналтын прокурор 7, Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга 3, хяналтын прокурор 54, Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга 1, хяналтын прокурор 4, нийт 72 прокурор ажиллаж байв.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 65 дугаар тогтоол, Улсын ерөнхий прокурорын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/77 дугаар тушаалаар аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн болон сум дундын прокурорын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, тус дүүргийн прокурорын газрыг прокурор 34, прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэх туслах ажилтан 15, захиргаа, үйлчилгээний ажилтан 12, нийт 61 орон тоотойгоор ажиллаж байв.
Өдгөө тус дүүргийн прокурорын газар нь 85 прокурор, ажилтны орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар