УСНЫ САН БҮХИЙ ГАЗАРТ ХОГ ХАЯГДАЛ ХАЯСАН, МАШИН ТЕХНИК УГААСАН ЗӨРЧИЛ ЗОНХИЛОН ҮЙЛДЭГДЖЭЭ

A- A A+
УСНЫ САН БҮХИЙ ГАЗАРТ ХОГ ХАЯГДАЛ ХАЯСАН, МАШИН ТЕХНИК УГААСАН ЗӨРЧИЛ ЗОНХИЛОН ҮЙЛДЭГДЖЭЭ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил”-ийн гаралт, шийдвэрлэлтийг сүүлийн гурван жилийн байдлаар судалсан. 

Дээрх хугацаанд “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг” зөрчил 112 бүртгэгдсэнээс 62 хувийг “Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, машин техник, бохир зүйл угаасан” зөрчил, 23 хувийг Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан зөрчил, 14.2 хувийг “Хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн” зөрчил эзэлж байна.

Дээрх зөрчилд эрх бүхий албан тушаалтнаас зөрчил үйлдсэн 112 хүнд нийт 26.5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, байгаль орчинд учирсан 29.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авсан байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Саранчимэг:  ГОЛ УС БОХИРДУУЛАХ НЬ ОЛОН СӨРӨГ ҮР ДАГАВАР УЧРУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ

Баянзүрх дүүргийн хэмжээнд Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн дийлэнх нь “Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, машин техник, бохир зүйл угаасан” зөрчил эзэлж байна. Энэ төрлийн зөрчил үйлдэгдэж байгаа шалтгаан нь голын эрэг дагуу амарч, зугаалахдаа хогоо ил задгай хаях, гол усанд тээврийн хэрэгслээ угааж байгаатай холбоотой.

“Гол бол өөрийн гэсэн амьд экосистем юм. Голын эрэг болон голд хог хаях, автомашинаа угаах нь усны чанарыг доройтуулж, усны амьтан, ургамалд хохирол учруулан, улмаар хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хор уршигтай.

Ялангуяа ахуйн болон автомашины бохирдол гол усанд шууд орсноор байгаль орчинд удаан хугацааны сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

Хэрэв гол усыг бохирдуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хүнийг 200 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 2 сая төгрөгөөр торгож, байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан байдаг. 

Прокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн прокурорын газраас “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журам”-ын эсрэг зөрчлийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлүүлэх, ийм төрлийн зөрчлийг шалгахад анхаарах асуудлаар эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулж зөвлөмж, мэдээлэл өгөх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчилд оноосон албадлагын арга хэмжээний биелэлтийг эрчимжүүлэх, олон нийтэд зориулсан соён гэгээрүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна. 

Байгалиа хамгаална гэдэг аль нэг төрийн байгууллага, мэргэжлийн хүмүүсийн хийх ажил биш. Энэ бол бүх нийтийн ажил, үүрэг хариуцлага гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Гол, нуур, булаг шандын усыг бохирдуулахгүй байх, голд машин угаахгүй байх, хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх зэрэг энгийн зүйлээс байгаль хамгаалах ажил эхэлнэ. Бид байгальд хандахдаа “хэн нэгэн цэвэрлэнэ” гэж бодохоос илүүтэй “бохирдуулахгүй, хамгаална” гэсэн хандлагаар хандах хэрэгтэй юм.