НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, 1987 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүчин төгөлдөр болсон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенц болон манай улсын хууль тогтоомжид эрүү шүүлт тулгах нь гэмт хэрэгт тооцогддог бөгөөд хэнийг ч эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон харьцахыг хориглосон байдаг.
Эрүү шүүлтийн хор аюул, түүнээс ангид байх эрхийн талаар төрийн албан тушаалтан, иргэн, олон нийтэд сурталчлан таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд прокурорын байгууллагаас “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын нийт ажилтан алба хаагчдад сургалт хийжээ. Сургалтын үеэр тодорхой тохиолдол, жишээ дээр дүн шинжилгээ хийж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлын талаар ярилцаж, санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар