Баянзүрх дүүргийн прокурорын газраас санаачлан, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлэхээр болсон “Баянзүрх-Бүтэн зүрх” зорилтот төслийн нээлтийн арга хэмжээ боллоо.
Нээлтийн арга хэмжээг Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ү.Содномцог нээж, Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө бүх талаар хамтран ажиллахыг дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалсан байна. Уг арга хэмжээнд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Н.Мэндсайхан болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөл, албаны бусад хүмүүс, мөн ерөнхий боловсролын 137, 155 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид оролцжээ.
Энэхүү төслийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хэрэгжүүлэх бөгөөд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад хууль эрх зүйн мэдлэг олгох, зөв хүн болгон төлөвшүүлэхэд анхаарах, эрүүл аюулгүй орчинд сурч, боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөсөн байна.
Тодруулбал, өсвөр үеийнхний санаа бодлыг сонсох, тэдэнд тулгарч буй асуудлыг зөв зохистой шийдвэрлэхэд анхаарч “Хүүхдээ сонсъё” санал хүсэлтийн хайрцаг, цахим шуудангийн хаяг ажиллуулах, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эрхийг хангах үүрэг хүлээсэн байгууллагуудад сургалт зохион байгуулах, ярилцлага, уулзалт, өдөрлөг хийх, хүүхдийн эрхийн талаар хууль тогтоомжийг таниулан сурталчлах, “Нүд бүхэн жаргалтай” нөөлөөллийн аян өрнүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах ажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар